ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ СОЛИУЛАХ ТУХАЙ

2023-03-28


МОНГОЛ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭР СОЛИУЛАХ

Монгол Улсын жолооны үнэмлэхийг дүйцүүлэн солих шийдвэрийг Бельгийн Хаант Улс 2022 оны 11 дүгээр сард гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу тус улсад оршин суусан хугацаанаас өмнө олгогдсон QR код бүхий Монгол Улсын жолооны үнэмлэхийг Бельгийн тал сольж олгож байгаа болно. Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцын 41.6-д “... жолооны үнэмлэх олгосон хугацаа нь дүйцүүлэн олгох улсын нутагт тухайн иргэний оршин сууж эхэлсэн хугацаанаас өмнө байна...” гэж заасантай холбоотой Бельгид удаан хугацаагаар оршин сууж буй иргэд жолооны үнэмлэхээ солиулж авч чадахгүй байх нөхцөл үүссэн.

 

Тус ЭСЯ-наас Бельгийн талтай удаа дараа уулзалт, хэлэлцээр хийсний дүнд 2023 оны 3 дугаар сарын 23-ын өдөр санамж бичиг байгуулав. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 1 ний өдрөөс эхлэн Бельгийн хаант улсад оршин сууж эхэлсэн хугацаанаасаа хойш Монгол Улсын QR код бүхий жолооны үнэмлэх шинээр захиалан авсан (жолоодох эрх анх авсан хугацаа нь оршин суусан хугацаанаас тань өмнө байх шаардлагатайг анхаарна уу) иргэд Монгол үнэмлэхээ Бельгийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солиулах боломжтой боллоо.

 

Үүний тулд манай иргэд Брюсcельд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэсэгт Монгол жолооны үнэмлэхээ баталгаажуулж, тодорхойлолт авах шаардлагатай. Ингэхдээ:

 

НЭГДҮГЭЭРТ. Иргэн та нүүрэн хэсэгтээ QR код бүхий шинэ жолооны үнэмлэхтэй эсэхээ нягтлах хэрэгтэй. Жолооны үнэмлэхэд гарын үсэг заавал зурагдсан байхыг шаардахгүй. Харин QR код заавал байх ёстой.

 

ХОЁРДУГААРТ. Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэсгийн [email protected] и-мэйл хаягаар Монгол жолооны үнэмлэхээ тэгш, тод сканердан PDF  файл болгож илгээнэ. Үүний зэрэгцээ Консулын тодорхойлолтын төлбөрийг (нэг тодорхойлолтын төлбөр 10 евро) тус ЭСЯ-ны Bank Account (IBAN): BE55 3101 0394 1044 дансанд шилжүүлж, шилжүүлсэн тухай баримтынхаа хуулбарыг хавсаргана. Шаардлагатай бол Консулын хэсгийн +32 473 59 0292 (09:00-16:30) дугаарын утас руу залгаж зөвлөгөө аваарай.

 

ГУРАВДУГААРТ. Бид таны жолооны үнэмлэхийг цахимаар шалгаж, консулын тодорхойлолт үйлдэн Бельгийн Тээвэр, хөдөлгөөний яаманд хүргүүлэх бөгөөд тэндээс хариу ирмэгц иргэн танд и-мэйлээр Консулын хэсгийн Marcel Broodthaers Square 8, 1060, Brussels хаягт хүрэлцэн ирэх цаг өгнө. Та авсан цагтаа та ирж консулын тодорхойлолтын эх хувиа хүлээн авч Бельгийн Хаант Улсад бүртгэлтэй дүүрэг дээрээ очиж дүйцүүлэн солиулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

 

МОНГОЛ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭР СОЛИУЛАХ

Люксембургийн Их Гүнт Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та дараах мэдээллийн дагуу Монгол жолооны үнэмлэхээ Люксембургийн жолооны үнэмлэхээр солиулах боломжтой. Дараах холбоосыг ашиглаж мэдээлэл авна уу: https://guichet.public.lu/en/citoyens/transports-mobilite/transports-individuels/permis-conduire/transcription-enregistement-permis.html 

Жолооны үнэмлэх солиулах шаардлагад тус улсад 185 хоногоос дээш хугацаагаар амьдарч буй, оршин суугаа дүүрэгтээ хаягийн бүртгэлтэй, Монгол жолооны үнэмлэх нь 12 сараас дээш хугацаагаар хүчинтэй байх шаардлага тавигдаж буйг анхаарна уу. 

 

Монгол Улсын жолооны үнэмлэхийг солих Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсын шийдвэр нь улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсон бөгөөд тус улсад ажиллаж амьдарч байгаа болоод ирээдүйд тус улсад хүрэлцэн ирэх иргэдийн амьдралыг хөнгөвчлөх томоохон үр дагавартай гэдгийг хүн бүр ухамсарлаж авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан улс орны нэр хүндээ хайрлан хамгаалж явахыг тус ЭСЯ-наас хичээнгүйлэн хүсье.

 

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ