Монгол Улс - Люксембургийн Их Гүнт Улсын хоёр талын харилцаа

2022-10-20


Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 оны 7 дугаар сарын 11-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эхлэн идэвхжсэн. Монгол Улсын ардчиллын үйл явцыг Люксембург анхнаас нь идэвхтэй дэмжиж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсэн бөгөөд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад Засгийн газрын тэргүүний түвшинд айлчлал хийсэн анхны орон юм.

Монгол, Люксембургийн улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлсэн. Монголын талаас Ерөнхий сайд 1992, 1997, 2001, 2007, 2009 онд, УИХ-ын дарга 2002 онд, Гадаад харилцааны сайд 1997, 2014  онд,  Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд 1999, 2018 онд Люксембургийн Их Гүнт Улсад, Люксембургийн талаас Ерөнхий сайд Жан-Клод Юнкер 1998, 2008 онд, Ерөнхий сайд Экзавье Бэттэл 2016 онд, парламентын дарга Люсьен Вейлэр 2005 онд, Батлан хамгаалахын сайд 2008 онд, Гадаад хэргийн сайд 2013 онд Монгол Улсад тус тус айлчилсан байна.

Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банканд гишүүнээр элсэхэд Люксембургийн Их Гүнт Улс идэвхтэй дэмжсэн бөгөөд тус банканд 10 сая еврогийн сантай “Монголын хамтын ажиллагааны сан”-г санаачлан байгуулж байсан.

Люксембургийн Их Гүнт Улс Монгол Улсын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг сургах, эрүүл мэндийн салбарын чадавхийг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх албаны чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хөгжлийн тусламжийн бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. 2000-2001 онд тохиосон зудын бэрхшээлийг давахад Люксембург манай Засгийн газарт санхүүгийн өргөн тусламж үзүүлж байсан. Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр манай улсын банк, санхүүгийн салбарын 1400 орчим мэргэжилтэн сургалтад хамрагдаж, 5 мэргэжилтэн магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын “Зүрх судасны үндэсний төв байгуулах” төслийг Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж ирсэн. Монгол Улс 2018 онд Люксембург Улстай 504,4 мянган ам.долларын худалдаа хийсэн. Люксембург Улс нь манайд оруулж буй шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг. 1990-2013 онд Люксембургээс манай улсад 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь энэ хугацаанд манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 8,2% нь болж байсан. Люксембург 2018 онд Монгол Улсад 108,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шинээр хийсэн байна.

2018 онд Люксембургийн 66 иргэн Монгол Улсад, Монгол Улсын 35 иргэн Люксембургт тус тус зорчсон байна. Монгол Улсын 22 иргэн Люксембургийн Их Гүнт Улсад аж төрж байна. Монгол Улсын иргэдийн үүсгэл санаачилгын холбоо Люксембург хотод ажиллаж байна. Люксембургийн иргэн Филипп Каэн Люксембург хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байна.  

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс “Монгол Улс ба Бельги-Люксембургийн холбооны хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг 1992 онд, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай хэлэлцээр”-ийг 1998 онд байгуулсан бөгөөд 2012 онд эдгээр хэлэлцээрийг  цуцлах болсноо манай тал мэдэгдсэн. Түүнчлэн хоёр орон “Санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 1998 онд, “Зүрхний оношлогооны төвийн тухай харилцан ойлголцох санамж бичиг”-ийг 2001 онд, “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 2009 онд тус тус байгуулсан нь хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болж байна.