images

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Байгаль орчны газрын Ногоон Гадаад Бодлого, Олон талт хэлтсийн дарга х. Астрид Шомэйкэртэй уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2023-01-19

243

2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Элчин сайд Л.Болд Европын Холбооны Байгаль орчны газрын Ногоон Гадаад Бодлого, Олон талт хэлтсийн дарга х. Астрид Шомэйкэртэй уулзлаа. Тус уулзалтаар байгаль орчныг хамгаалах, ой мод устгалын эсрэг Европын холбооноос баримталж байгаа гадаад, дотоод бодлого, ялангуяа энэ талаарх Европын Холбооны гишүүн орнууд, Европын парламентаас улс төрийн өндөр төвшний зөвшилцөлд хүрч, удахгүй хүчин төгөлдөр хэрэгжүүлэх хууль тогтоомжийн талаар мэдээлэл солилцлоо. Түүнчлэн, 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нарын зурсан Ойн түншлэлийн Санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх цаашдын ажлын талаар харилцан ярилцав.

Тус уулзалтын дараа Элчин сайд Л.Болд Швейцарийн Женева хотод суурьтай НҮБ-ын Олон Улсын Худалдааны Төв (ITC)-ийн зөвлөх н.Мэтью Лемоль, Азийн бүс нутаг хариуцсан мэргэжилтэн х.Силви Кочин нартай утсаар холбогдож Ой мод устгалын эсрэг Европын холбооны дээрх хууль тогтоомжтой худалдаа эрхлэгч, экспортлогч байгууллагууд, ялангуяа Монгол Улсын худалдаа эрхлэгч, экспортлогч байгууллагууд хэрхэн нийцэж ажиллах талаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.