images

Төслийн хэрэгжилтийн дүнг Элчин сайдын яаманд танилцуулав

ЭСЯ-ны мэдээ

2026-11-03

17

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Баруун бүсийн оношлогооны төвийн дарга Б.Маралмаа тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Баруун бүсийн оношлогооны төвийн ТУЗ-ийн төлөөлөл Г.Батбаяр, төслийг хэрэгжүүлэгч Франц-Бельгийн хамтарсан FSE Группийн удирдах зөвлөлийн дарга Фредерик Судэн, төслийн удирдагч Никола Вурм, FSE Группийн Монгол Улс дахь төлөөлөгч Г.Түмэн, төслийн менежер Э.Энхням, чанарын менежер Т.Баяртогтох нар оров. 

 

Төлөөлөгчид өнгөрсөн хугаацаанд Бельгийн талтай Монгол улсад хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын төсөл, төслийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Бельги, Франц, Герман зэрэг европын орнуудын эмч, эмнэлгийн ажилтнууд болон FSE Группийн үзүүлсэн дэмжлэгт гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.  

 

Бельги Улсын Засгийн газрын 8.3 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 2005 оноос хойш Зүүн болон Баруун бүсийн оношлогооны төвүүдийг бэхжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн сүүлийн шат болох Баруун бүсийн оношлогооны төвийг бэхжүүлэх төсөл 2026 онд ийнхүү дүнгээ гаргаж байна. 

Төслүүдийн хүрээнд оношлогооны төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн олон улсын стандартад нийцсэн төхөөрөмжөөр тоноглохоос гадна эмч, эмнэлгийн ажилтнуудыг Бельги, Франц, Герман зэрэг европын орнуудад онолын болон дадлагын сургалтад хамруулах, Бельги Улсын гол эмнэлгүүдийн 45, Франц Улсын 25 орчим эмч, эмнэлгийн ажилтнуудыг Ховд, Чойбалсан, Улаанбаатар хотуудад ажиллуулах замаар мэргэжил, мэргэшлийн зөвлөгөө өгөх, чадавхийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Төслүүдийг хэрэгжүүлэх хугацаанд давхардсан тоогоор 1300 орчим эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулсан. Ингэснээр төслүүд нь орон нутгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, зүүн болон баруун бүсийн нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, түүнчлэн санхүүгийн хэмнэлт бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Төслийн талаарх видео танилцуулгыг төслийн нэгжээс бэлтгэсэнтэй энд дарж үзэх боломжтой.  

https://www.facebook.com/reel/3607029726133747

Уулзалтын үеэр цаашид 2 орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж, Монгол-Бельгийн эмч нарын холбоо байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.