ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭГДЭЛ
Бельгийн Хаант Улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр, 2026 оны 10 дугаар сарын 23-ны Баасан гарагт “Аустен” (Storm Austen) нэртэй хүчтэй шуурга Бельгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, ялангуяа үдээс хойш болон оройн цагаар салхи эрс ширүүсэж, их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.
Брюссель болон Бельгийн төвийн бүс нутгаар салхины түр зуурын хурд 80–90 км/цаг, зарим бүс нутагт үүнээс давж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагуудаас цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг гаргаад байна. Нөхцөл байдлаас шалтгаалан сэрэмжлүүлгийн түвшинг нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй байна.
Иймд нийт иргэдийг дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Үүнд:
Баасан гарагийн үдээс хойш болон оройн цагаар зайлшгүй шаардлагагүй бол гадуур зорчих, гадаа удаан хугацаагаар байхгүй байх;
Цэцэрлэгт хүрээлэн, мод ихтэй газар, өндөр мод болон салхинд унаж болзошгүй байгууламжаас хол байх;
Орон сууц, албан байрны цонх, хаалгыг сайтар хааж, тагт болон гадна талбайд байрлуулсан эд зүйлсийг найдвартай бэхлэх;
Автомашин жолоодох, зогсоолд байрлуулахдаа онцгой анхаарал болгоомжтой байх;
Бельгийн эрх бүхий байгууллагуудаас гаргаж буй цаг агаарын сэрэмжлүүлэг, аюулгүй байдлын заавар, зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөх;
Хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан тохиолдолд 112, харин хүний амь насанд шууд аюул учруулаагүй шуурганы хохиролд гал түймэртэй тэмцэх албаны тусламж шаардлагатай бол 1722 дугаарт хандах буюу www.1722.be цахим хуудсаар мэдээлнэ.
Цаг агаарын албан ёсны мэдээлэл: www.meteo.be