Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Х.Баасанжаргал нар хэвлэлийн төлөөлөгчдийн хамт Элчин сайдын яаманд зочлов
Монгол Улс, Европын Холбоотой хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй Брюссель хотноо ажиллах үеэрээ буюу 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель дэх Элчин сайдын яамны байранд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Арга хэмжээнд Бельги Улсын Холбооны Парламентын Сенатын танхимын гишүүн Аллессиа Клаес, Европын Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдэл (EAVI)-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Паоло Чело нар урилгаар оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Элчин сайд Л.Болд үг хэлсэн бөгөөд тэрээр арга хэмжээний зорилго болон хүндэт төлөөлөгчдийг танилцуулж, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэний нийгмийг чадавхжуулахын ач холбогдлыг онцлов. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нар мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улс болон Европын Холбооны түншлэл, ялангуяа ардчиллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Бельги Улсын Сенатын гишүүн Аллессиа Клаес хэлсэн үгэндээ ардчиллыг хөгжүүлэхэд бидэнд бие биеэсээ суралцах зүйл их байна гээд бид бүгд хүн тул бидэнд тулгамдаж буй асуудал ч ижил байна, тэдгээрийг шийдвэрлэхэд хамтран ажиллах нь чухал байна хэмээн тэмдэглэв. Европын Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдлийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Паоло Чело, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах нар мөн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв.

Арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар Сенатын танхимын гишүүн Аллессиа Клаес-тай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Тухайлбал, парламентын тогтолцоо, парламент хоорондын хамтын ажиллагаа, сонгууль, хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон сошиалын зохистой хэрэглээг бий болгох, ялангуяа цахим орчинд хүүхдийг хамгаалах, визийн шаардлагыг хөнгөвчлөх зэргийг хөндөж ярилцав.