Элчин сайд Л.Болд 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Брюссель хотноо анх удаа зохион байгуулагдсан Европын Ардчиллын дээд хэмжээний уулзалтад оролцов.
Европын Зөвлөлийн ивээл дор зохион байгуулсан тус дээд хэмжээний уулзалтад Европын улс орнуудын бодлого боловсруулагчид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, бизнесийн удирдлагууд, судлаач, шинжээчид оролцож, Европын ардчиллын тогтолцооны тогтвортой байдал, хууль дээдлэх ёс, шударга өрсөлдөөн, олон нийтийн итгэл, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

Тус Европын Зөвлөл нь 1949 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Европ тивд хүний эрх, ардчилал, хууль дээдлэх ёсыг дэмжин хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. Тус байгууллагын төв байр Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд өдгөө 46 гишүүн улсыг эгнээндээ нэгтгэж байна.

Энэ удаагийн уулзалтаар Европын ардчиллын үндэс суурьт тулгарч буй улс төрийн хуваагдал, мэдээллийн орчны өөрчлөлт, гадаадын нөлөөлөл, эдийн засгийн тодорхойгүй байдал, олон нийтийн итгэл буурах зэрэг сорилтыг хэлэлцэж, ардчилсан тогтолцооны тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх арга замын талаар ярилцлаа.
Уулзалтад 2011 оны Нобелийн Энх тайвны шагналт Таваккул Карман, Европын Зөвлөлийн Аюулгүй байдал, эрх зүй, хууль дээдлэх ёсны асуудал хариуцсан захирал Ханнэ Юнчер, Европын Комиссын цахим сүлжээ, технологийн ерөнхий газрын Дэд ерөнхий захирал Ренате Николай, АНУ-д төвтэй Freedom House байгууллагын Гүйцэтгэх захирал Жэйми Флай, Европын Комисс болон олон улсын бизнесийн байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож, ардчилал, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварын харилцан хамаарлын талаар санал бодлоо хуваалцлаа. Элчин сайд Л.Болд Монголын ардчиллын түүхэн сорилтын талаар тус хэлэлцүүлэгт мөн байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр Элчин сайд Л.Болд Freedom House байгууллагын Гүйцэтгэх захирал Жэйми Флайтай уулзаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ардчилсан тогтолцооны тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх болон эдгээр чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Европын Ардчиллын дээд хэмжээний уулзалт нь Европын ардчиллын тогтолцоог шинэчлэх, бэхжүүлэх шинэ хөтөлбөр болох “Европын төлөө шинэ ардчилсан гэрээ” (New Democratic Pact for Europe) санаачилгыг танилцуулж, ардчиллын ирээдүйг тодорхойлоход төр, парламент, иргэний нийгэм, бизнес, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Freedom House байгууллага нь 1941 онд байгуулагдсан, ардчилал, улс төрийн эрх, иргэний эрх чөлөөг дэлхий даяар дэмжих чиглэлээр судалгаа, бодлогын зөвлөмж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, нам бус байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийн улс орнуудын улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус байгууллагын албан ёсны цахим хуудас: Freedomhouse.org