images

Элчин сайд Л.Болд 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Антверпен хотноо зохион байгуулсан “Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар Хотын даргатай хийх жил бүрийн уулзалт” арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-10-06

19

Уламжлал болсон уг арга хэмжээг Антверпен хотын захиргаа зохион байгуулж, хотын хөгжил, соёл, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж бүрдүүлдэг.

Энэ жилийн арга хэмжээний үеэр Антверпен хотын дарга Элс ван Дусбург (Els van Doesburg), Антверпен-Брюгге боомтын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус хотын Эдийн засаг, Боомтын асуудал эрхэлсэн орлогч дарга Еохан Клапс (Johan Klaps) нар тус тус танилцуулга хийв.

Энэ үеэр Элчин сайд Л.Болд Антверпен хотын удирдлагад Антверпен хотод олноороо ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн талаар дурдан, монгол иргэдийг хүлээн авч, орон нутгийн нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлж байгаад талархал илэрхийлэв. Элчин сайд Л.Болд Антверпен мужийн захирагч Кэти Беркс (Cathy Berx)-тэй уулзаж, Монгол Улс, Антверпен муж хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон тус мужид оршин суугаа монгол иргэдийн талаар санал солилцов.

    

Мөн Элчин сайд Л.Болд Антверпен хотод Монголын иргэд, монгол залуучууд, соёлын үйл ажиллагаа төвлөрөн хөгжиж буйг онцлон тэмдэглэж, Монголын соёлын төв байгуулах санаачилгын талаар танилцуулав. Тэрбээр энэ асуудлаар Антверпен хотын Соёлын асуудал эрхэлсэн орлогч дарга Лиен Ван де Келдер (Lien Van de Kelder) болон Спортын асуудал эрхэлсэн орлогч дарга Стейн де Роостер (Stijn De Rooster) нартай санал солилцож, цаашид уг төвийг байгуулахад хотын зүгээс боломжит хэлбэрээр дэмжлэг, хамтын ажиллагаа үзүүлэхээр тохиролцов.

 

Түүнчлэн талууд Бенилюксийн Монголчуудын Наадам зэрэг Монголын уламжлалт соёл, спортын арга хэмжээг Антверпен хотод цаашид зохион байгуулах, хотын зүгээс хэрхэн дэмжин хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

 

Энэхүү хамтын ажиллагаа нь Антверпен хот дахь монгол иргэдийн оролцоо, Монголын соёл, уламжлалыг сурталчлах, хоёр талын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

Арга хэмжээний үеэр мөн Антверпен-Брюгге боомтын үйл ажиллагаа, олон улсын худалдаа, логистик, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдтэй санал солилцов.

Антверпен хот нь Бельгийн эдийн засаг, олон улсын худалдааны томоохон төвүүдийн нэг бөгөөд Европын тэргүүлэх боомтын нэг болох Антверпен-Брюгге боомт нь Европын төвд байрлах олон улсын хэмжээний томоохон боомт бөгөөд жилд 267 сая тонн ачаа нэвтрүүлж, 1,400 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн чухал төв юм.