images

Элчин сайд Л.Болд Бельгийн Фландрын засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан зохион байгуулсан “Лимбург мужийн технологийн салбарын хөгжлийг танилцуулах” арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-10-03

16

Элчин сайд Л.Болд 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Бельгийн Фландрын засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан зохион байгуулсан “Лимбург мужийн технологийн салбарын хөгжлийг танилцуулах” арга хэмжээнд оролцов.

Тус арга хэмжээ нь Фландрын бүс нутаг болон Бельгид суугаа дипломат төлөөлөгчдийн газрын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, Фландрын тэргүүлэх байгууллага, компаниудын үйл ажиллагаа, инновац, технологийн хөгжлийн талаар танилцуулах, харилцан санал солилцох зорилготой юм.

Арга хэмжээний хүрээнд Тор Парк (Thor Park)-д зочилж, тус инновацын паркийн үйл ажиллагаа болон түүний түнш байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын талаар Лимбург бүсийн баялгийн сангийн гүйцэтгэх захирал Том Ванхам танилцуулга хийсэн бөгөөд лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, инновац, технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг үзэж сонирхов.

Үүний дараа өндөр технологийн чиглэлээр Европт тэргүүлэх байр суурь эзэлдэг Корда Кампус (Corda Campus)-д зочлон, тус инновац, технологийн кампусын үйл ажиллагаа, гарааны бизнесийг хөгжүүлэх орчин, инкубатор болон шинэ технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав. Энэ үеэр Corda Campus-ийн Ерөнхий захирал Раф Дегенс тус кампусын үйл ажиллагаа, инновацын экосистем болон олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, инновац, технологи, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг илэрхийлэв.

Мөн энэ өдөр Лимбург мужийн захирагч Жос Лантмеетерс дипломат төлөөлөгчдийн тэргүүн нарыг Хасселт хот дахь албан өргөөндөө хүлээн авч, Лимбург мужийн эдийн засаг, инновац, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал солилцов.

Энэхүү арга хэмжээ нь Фландрын бүс нутаг болон гадаад улс орны дипломат төлөөлөгчдийн газрын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ инновац, технологи, бизнес, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Элчин сайд Л.Болд энэ үеэр эдгээр удирдах албаны хүмүүстэй уулзаж, Монгол улстай хамтран хэрэгжүүлэх боломжит ажлын талаар санал солилцлоо.