images

Монгол, Люксембургийн харилцааны 50 жилийн ойг хамтын ажиллагааны шинэ боломжуудаар бататгаж байна

ЭСЯ-ны мэдээ

2026-09-26

29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Люксембургийн Их Гүн V Гийом-той уулзав.

 

     

Уулзалтын эхэнд энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцолж, ойн хүрээнд хоёр тал хамтран зохион байгуулсан арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүнүүд илэрхийллээ.

Талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, банк, санхүү болон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн 25 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар баригдах Зүрх, судасны үндэсний төвийн бүтээн байгуулалтын ажил эхэлж буйг онцлоод, тус дэмжлэгэд талархал илэрхийлэв.

Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая еврогийн тусламж үзүүлсэн бөгөөд энэ дэмжлэгийн хүрээнд зүрх, судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид ойн салбарт 100 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. https://president.mn/39825/

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд 1976 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр тал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал:

- Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр боллоо.

- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Төлөөлөгчдийн танхимын дарга Клод Виселерийн урилгаар 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав. Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

- Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фридентэй 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2026 онд тохиож буйтай холбогдуулан цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

- Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.

- Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт хэрэгжиж буй зүрх судасны төслийн үйл ажиллагаатай танилцав.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Люксембург улсад ажиллаж, Люксембургийн Их Гүн V Гийом-д бараалхав.

- Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Люксембург Улсын иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнав. Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Филипп Каэн “Алтан гадас” одонгоор, Люксембургийн Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн газрын хоёр талын хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч Клод Жентген “Найрамдал” медалиар тус тус шагнуулав. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкер нарын хүндтэй зочид оролцов.

- Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Люксембург хотноо зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд Люксембургийн Сангийн сайд Жиль Рот оролцож үг хэлэв. Мөн тус арга хэмжээнд парламентын гишүүд, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Свен Клемент, мөн хорооны гишүүн Александра Скоос, Люксембургийн Цог Жавхлант Их Гүнгийн Тамгын газрын маршал Саша Бэйли болон тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Европын хөрөнгө оруулалтын банк, манай улсад хэрэгжүүлж буй зүрх, судасны төслийн эмч нар, тус улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөөлөл оролцов.

- Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс санхүүгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Люксембург хотноо гарын үсэг зурав. Тус Санамж бичигт Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулан, Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн сайд Жиль Рот нар гарын үсэг зурав.

- Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Люксембургийн Их Гүнт Улсад ажиллаж, Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн газрын Ерөнхий захирал Ноён Жорж Тернес, Люксембург хотноо байрлах Европын хөрөнгө оруулалтын банкны EIB Global-ын Ерөнхий захирал Андрю МакДауэл нартай уулзав.

Ийнхүү Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг эрэлхийлсэн олон талт арга хэмжээгээр тэмдэглэж байна.