Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-ийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн ахлах менежер Эди Аман Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагатай уулзав.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт-д оролцож буй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-ийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн ахлах менежер Эди Аманыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд сонгогчийн саналыг цахимаар авах боломжийг олон улсын туршлагад тулгуурлан судлах чиглэлээр хамтран ажиллах саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос International IDEA-д тавилаа.

International IDEA нь сонгуулийн үйл ажиллагаа, сонгогчдын оролцоотой холбоотой ижил төстэй судалгааг бусад улс оронд хийж, зөвлөмж, дүгнэлт боловсруулах чиглэлээр ажилладаг байгууллага бөгөөд Монгол Улсын нөхцөлд хэрхэн ашиглах, судалгааг хэрэгжүүлэхэд Сонгуулийн ерөнхий хороо болон International IDEA хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн Монгол Улсад "Сонгууль ажиглах Азийн жишиг төв" -ийг байгуулах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтран ажиллахаар өнгөрсөн оны зургаадугаар сард санамж бичиг байгуулсан юм.
Талууд цаашид сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдал, сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.