images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ВАЛЛОНИЙН БАЯРТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-09-22

33

Бельгийн Валлонийн бүс нутгийн уламжлал, соёл, урлагийг сурталчлан таниулах “Валлонийн баяр” (Fêtes de Wallonie)-ын 103 дахь удаагийн арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Валлонийн нийслэл Намюр хотноо зохион байгуулагдлаа.

Энэ жилийн “Валлонийн баяр” нь онцгой ач холбогдолтой болж, Бельгийн Хаан Филипп 2005 оноос хойш анх удаа тус баярын арга хэмжээнд оролцсон бөгөөд Фландерс бүс нутаг анх удаа “Хүндэт зочин”-оор уригдсан юм.

Албан ёсны ёслолын арга хэмжээнд Бельгийн Хаан Филипп, Фламандын Засгийн газрын Ерөнхий сайд Маттиас Дипендале, Валлонийн Засгийн газрын Ерөнхий сайд Адриен Долимонт, Валлонийн Парламентын дарга Вилли Борсюс, Бельгийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Максим Прево болон төр, улс төрийн өндөр түвшний бусад төлөөлөгчид оролцов.

    

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Валлонийн Засгийн газрын Ерөнхий сайд Адриен Долимонттой уулзаж, Монгол Улс болон Валлонийн бүс нутгийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн Бельгийн Холбооны Парламентын Дээд танхим болох Сенатын Ерөнхийлөгч, профессор Винсент Блонделтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын мэндчилгээг уламжлав.

Энэ жилийн “Валлонийн баяр” нь Валлонийн ард түмний түүх, соёл, уламжлалыг сурталчлан таниулахаас гадна Фландерс бүс нутгийг анх удаа “Хүндэт зочин”-оор оролцуулсан нь Бельгийн бүс нутгуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг онцлон харуулсан үйл явдал боллоо.