images

“Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол боллоо

ЭСЯ-ны мэдээ

2026-09-21

3

Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр боллоо.

Тус төсөл нь нийт 53.3 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 34.9 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр санхүүжих юм.

   

Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг байгуулагдах бөгөөд зүрх судасны нарийн эмчилгээ оношилгоо, зүрх судсан дотуурх мэс засал, яаралтай тусламж болон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах мэргэшүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна.

     

Люксембургийн Их Гүнт Улс 2001 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж ирсэн бөгөөд тэр дундаа зүрх судас, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

   

Хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцан “Зүрх судасны үндэсний төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэллээ.