Элчин сайд Л.Болд олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг Олон улсын ардчиллын өдөр -2026 (International Democracy Day Brussels 2026) арга хэмжээнд 9 дүгээр сарын 17-ны өдөр Брюссель хотноо оролцлоо.
Энэ жилийн арга хэмжээ “Innovation and Alliances in a Changing World” буюу “Өөрчлөгдөж буй дэлхийд инноваци ба түншлэл” сэдвийн дор болж, ардчиллын үнэт зүйл, олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хүртээмжтэй байдал, мэдээллийн бүрэн бүтэн байдал болон ардчиллын тэсвэржилтийн асуудлыг хэлэлцэв.

Уг арга хэмжээнд Элчин сайд Л.Болд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож ардчиллыг бэхжүүлэх, олон улсын түншлэлийг хөгжүүлэх, мэдээллийн орчныг хамгаалах болон ардчиллын шинэ арга хэлбэрийг дэмжих асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Тус арга хэмжээг Олон улсын хэмжээнд ардчилсан хөгжлийг идэвхтэй дэмжиж ажилладаг Ардчиллын төлөөх Европын түншлэл (European Partnership for Democracy – EPD), Ардчилал ба сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (International IDEA), Улс төрийн сангуудын Европын сүлжээ (European Network of Political Foundations – ENoP), Ардчиллын төлөөх Европын сан (European Endowment for Democracy – EED) болон Карнегийн сан (Carnegie Europe) хамтран зохион байгуулсан бөгөөд Европ болон олон улсын түвшний бодлого боловсруулагчид, дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллага, судлаачид болон ардчиллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд оролцов.
Монгол Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, ардчилсан засаглал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж ирсэн билээ.
Энэхүү арга хэмжээ нь ардчиллын өнөөгийн сорилт, боломжийн талаар олон улсын түвшинд санал солилцох, туршлага хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх чухал талбар боллоо.