Төрийн өмчийн ерөнхий боловсролын цахим сургууль байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Гадаад улсад Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны "Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай" 130 дугаар тогтоолоор дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа иргэн бүрд боловсрол эзэмшүүлэх зорилго бүхий бие даасан төрийн өмчийн ерөнхий боловсролын "Мэдлэ" цахим сургууль байгуулагдан 2026-2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.
Иймд хилийн чанадад оршин сууж буй иргэд та бүхэн ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдээ www.medle.mn хаягаар орж бүртгүүлэн холбогдох сургалтад хамруулах боломжтой.
Тус сургалтын байгууллагатай хамтран ажиллах болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын яамны "Мэдлэ" Цахим сургуулийн захирал Н.Сайнбаяр (утас: 88102459, цахим шуудан: [email protected]) -тай холбогдон авна уу.