Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Ирээдүй Монгол сургуулийн 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Элчин сайд Л.Болд тус сургуулийн нээлтэд зориулж хэлсэн үгэндээ Ирээдүй Монгол сургууль нь Бельги улсад оршин сууж буй хоёр, гуравдагч үеийн монгол хүүхэд багачуудад үндэсний өв соёл, хэл, зан заншлыг сургахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдав. Мөн саяхан Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид тус улсад айлчилж монгол иргэдтэй уулзах үеэрээ Монгол соёлын төв байгуулах асуудлыг дэмжихээ илэрхийлснийг онцлон тэмдэглэв.

Ирээдүй Монгол сургууль нь энэ жил 11 дэх жилийн босгон дээрээ хичээлийн агуулга, хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, шинэ хамт олон, шинэлэг арга барилаар үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон талаар тус сургуулийн үүсгэн байгуулагч Э.Нэргүй танилцуулав.

Мөн нээлтийн ажиллагаанд суралцахаар ирсэн хүүхэд багачуудаас гадна ахмад багш нар, Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн, зарим төлөөлөл ирж сургуулийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсэв.