images

Элчин сайд Л.Болд 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Европын Парламентад зохион байгуулагдсан “Хонконг: Европын Азид хүрэх гарц” бага хуралд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-09-05

6

Тус бага хурлыг Европын Парламентын гишүүн Ондржей Достал санаачлан зохион байгуулсан бөгөөд тэрээр саяхан Монгол Улсад амжилттай айлчилж, Монголын талын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийсэн талаар мэдээлэл өгөв.

Бага хурлаар Европ, Азийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх боломж, Хонконгийн олон улсын худалдаа, бизнесийн төв болох үүрэг, эх газрын Хятад болон Азийн өргөн зах зээлтэй холбогдох боломж, Европын бизнес эрхлэгчдэд Азийн зах зээлд нэвтрэх боломжийн талаар хэлэлцэж, мэдээлэл солилцов.

Энэ үеэр Элчин сайд Л.Болд Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулахдаа Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялаг нөөцтэй төдийгүй нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломжтойг онцлов.

Түүнчлэн Монгол Улс газар зүйн байршлын хувьд ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг бөгөөд БНХАУ-ын хойд хэсгийн томоохон зах зээлтэй ойр оршдог нь тус зах зээлд хүрэх, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал давуу тал болохыг тэмдэглэв. Монгол Улс өөрийн газар зүйн байрлал, нөөц боломжоо ашиглан БНХАУ-ын хойд бүс нутгийн зах зээлд нэвтрэх, улмаар Европ болон Азийг холбосон бизнес, худалдааны харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтойг Элчин сайд онцоллоо.

Мөн энэ үеэр Элчин сайд Л.Болд, Европ-Монголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал П.Төмөр-Очир нар Европын Парламентын гишүүн Ондржей Достал болон Хонконгийн Европ дахь бизнесийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улс, Европ болон Хонконгийн бизнесийн байгууллагуудын хооронд харилцан мэдээлэл солилцох, бизнесийн харилцаа холбоог өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээ, уулзалт зохион байгуулах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.