Элчин сайд Л.Болд Европын парламентын гишүүн Томас Гайзелтай уулзлаа
Элчин сайд Л.Болд Европын парламентын гишүүн Томас Гайзелтай Европын парламентын байранд уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Л.Болд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэл өгч, 5 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Парламент хоорондын хамтын ажиллагааны 17 дугаар уулзалтын хүрээнд яригдсан асуудлуудын талаар танилцуулав.
Мөн Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Европын парламентын гишүүн Томас Гайзел талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлов.

Тэрээр ХБНГУ-ын Дюссельдорф хотын даргаар 2014–2020 онд ажиллаж байсан бөгөөд Дюссельдорф хотын бизнес эрхлэгчид, Монголын аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтойг дурдав.