МОНГОЛ УЛС 15,000 МОРЬТНЫ ЖАГСААЛААР ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн зүрх гэгддэг Монгол улсад 15,000 морьтон нэгэн зэрэг жагсаж, хүн төрөлхтний түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой болон Их эзэн Чингис хааны мэндэлсэн гал морин жилийг бэлгэдсэн энэхүү нүсэр үйл ажиллагаа нь монгол адууны соёл, нүүдэлчдийн сүр хүчийг дэлхий дахинд дахин тунхаглан зарлав.
Монголчууд өмнө нь 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 11,125 морьтон зэрэгцэн жагсаж, Гиннесийн дээд амжилтыг тогтоож байсан түүхтэй. Тэгвэл эдүгээ 13 жилийн дараа уг рекордыг албан ёсоор эвдэж, 15,000 гаруй морьтон нэгэн цул болон жагссанаар дэлхийн морины соёлын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Энэхүү түүхэн үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор тунхаглан баталж, дэлхийн 55 улс орноороо нэгдэн тэмдэглэж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог юм. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн амин сүнс болсон монгол адууны соёлыг дэлхийн соёл иргэншлийн оройд залсан түүхэн алхам болов.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 50 сая гаруй адуу байдгаас 10 гаруй хувь буюу 5 сая орчим адуу Монгол Улсад байдаг бөгөөд манай улс нэг хүнд ногдох адууны тоогоороо дэлхийд тэргүүлж байна.