images

Брюссель хотноо Весакын өдөр ( Vesak day) буюу Бурхан багшийн Их Дүйчин өдрийг анх удаа НҮБ-ын Брюссель дэх төв байранд тэмдэглэв.

ЭСЯ-ны мэдээ

2026-07-13

123

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам нь Ази тивийн Бурхны шашинт улс болох Балба Улс, Бутаны Хаант Улс, Камбожийн Хаант Улс, Лаос Улс, Мьянмар Улс, Шри Ланка Улс, Тайландын Хаант Улсын Элчин сайдын яамд, НҮБ-ын Брюссель дэх төлөөлөгчийн газар болон Бельгийн Бурхны шашны нэгдсэн холбоотой хамтран 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Брюссель хот дахь НҮБ-ын төв байранд Весакын өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54/115 дугаар тогтоолоор жил бүр Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн өдрийг бэлгэдэн Бурхны шашинтнуудын хамгийн эрхэм ариун өдөр хэмээн хүлээн зөвшөөрч, НҮБ энэхүү өдрийг төв штаб болон бүсийн төвүүдэд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ удаагийн арга хэмжээ нь НҮБ-ын Брюссель дэх төв байранд Весакын өдрийг албан ёсоор анх удаа тэмдэглэсэн онцлогтой боллоо.

Арга хэмжээ үндэсний хөгжмийн тоглолтоор эхэлж, Тайландын Хаант Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд хатагтай Канчана Патарачоке хөтөлж явуулав. Ёслолын ажиллагаанд НҮБ/НҮБХХ-ийн Брюссель дэх төлөөлөгчийн газрын захирал Камила Брүкнер, Европын Парламентын гишүүн, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АСЕАН-тай харилцах бүлгийн тэргүүн Воутер Беке, Европын Парламентын гишүүн, Өмнөд Азийн орнуудтай харилцах бүлгийн тэргүүн Шербан-Димитрие Стурдза, Бельгийн Холбооны Гадаад хэрэг, Гадаад худалдаа, Хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ёслолын газрын дарга , Элчин сайд Пьер Картювелс нар үг хэлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн видео мэндчилгээг хүргэсэн бөгөөд илтгэгчид Весакын өдрийн ач холбогдол, Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүй, энх тайвны сургаалын өнөөгийн дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар онцлон тэмдэглэв.

Арга хэмжээний хүрээнд бясалгалын хөтөлбөрийг Монгол улсаас "Их догшид төвийн" тэргүүн Л.Үүрцайх хөтөлж явуулав. "Тогтворгүй дэлхийд дотоод амар амгаланг төлөвшүүлэх нь: Дипломат харилцаан дахь энэрэнгүй ухааны урлаг" сэдэвт видео танилцуулга, Бурхан багшийн амьдралын тухай хүүхэлдэйн кино, мөн "Энх тайвныг төлөвшүүлэх нь: Эв нэгдэл, олон янз байдлын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг Гентийн их сургуулийн Бурхны судлалын төвийн захирал, профессор, доктор Анн Хайрман упирдаж, Бельгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Enabel-ийн бүсийн захирал Режин Дебрабандер, Фландрын Энх тайвны хүрээлэнгийн судлаач доктор Мартен ван Алстайн, Centre Dhammaramsi төвийн төлөөлөгч Брүно Вандергухт нар оролцов. Арга хэмжээний төгсгөлд Балба Улсын залуучуудын төлөөлөгч Пушкар Ханал хаалтын үг хэлэв.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л. Болд болон хамтран зохион байгуулагч орнуудын Элчин сайд нар, дипломат төлөөлөгчид, Европын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Бельгийн Гадаад хэргийн яам, Буддын шашны байгууллагууд, лам хуврагууд болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцов.