images

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 33 дугаар Ерөнхий чуулган Нидерландын Гааг хотноо болов.

ЭСЯ-ны мэдээ

2026-07-09

109

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2026 оны долоодугаар сарын 4-нөөс 8-ны хооронд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 33 дахь удаагийн Ерөнхий чуулган болж өндөрлөв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар болон мөн бүлгийн гишүүн О.Батнайрамдал, Монгол Улсаас Нидерландын Хаант улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нар тус чуулганд оролцов.

Энэ удаагийн чуулган “Олон улсын эрх зүй ба нийтлэг зарчим: ЕАБХАБ-ын бүс нутаг дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны үндэс” сэдвийн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Мөн хүрээнд бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй аюулгүй байдал, хүний эрх, ардчилал, эдийн засаг, байгаль орчны асуудлаар 57 улсын парламентын 300 гаруй төлөөлөгчид санал солилцов. Хэлэлцүүлгийн хүрээнд Украин дахь дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдал, зэвсэглэлд хяналт тавих асуудал, гибрид аюул занал, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухааны хэрэглээний зохицуулалт, кибер аюулгүй байдал зэрэг сэдвийг авч хэлэлцсэн. Монгол улсын их хурлын гишүүд Парламентын Ассамблейн чуулганы нээлт, Тусгай хороод, Ерөнхий хороодын хуралд оролцохын сацуу Гааг хотноо төвтэй НҮБ-ын Олон улсын шүүхээс зохион байгуулсан “Олон улсын шүүхийн зөвлөх дүгнэлтүүдийн ач холбогдол: Цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий нийтийн бусад асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын байр суурийг танилцуулав.