Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна
Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Бельги Улсын Брюссель хотноо байрлах алдарт Маннекен-Пис хөшөөнд хүндэтгэл үзүүлж, монголын үндэсний хувцас дээл өмсүүлэх арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав. Арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам Ассельборн болон Брюссель хотын хүндэт дэд дарга Ахмед Ел Ктиби нар оролцов.
Мөн энэ хүрээнд албаны төлөөлөл оролцсон хүндэтгэлийн арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны байранд зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд Бельги Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ёслолын газрын захирал, Элчин сайд Пьер Картювелс, Бельгийн Хаант Улсын Дээд шүүхийн Нэгдүгээр Ерөнхийлөгч /Ерөнхий шүүгч/ Эрик де Формануар, хүндэт зочноор Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл оролцов. Элчин сайд Пьер Картювелс хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд улам идэвхжиж байгааг онцлоод ололт амжилтуудаа цаашид улам бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Уг арга хэмжээнд гадаад улсуудаас Бельги Улсад суугаа Элчин сайд нар, Элчин сайдын яамны ажилтнууд зэрэг 70 шахам төлөөлөгч оролцож, чөлөөт уур амьсгалд санал солилцох, ярилцах ач холбогдолтой болов.
Энэ үеэр анхны “Нүүдэлчин” фестивалийг 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Брюссель хотноо үйл ажиллагаа явуулж буй монголын төрийн бус байгууллагууд зохион байгуулсанд бүх талын дэмжлэг үзүүлэв. Фестивалийг нээж, Элчин сайд Л.Болд үг хэлсэн бөгөөд хэлсэн үгэндээ монголын соёл, урлаг, уламжлалыг таниулах, сурталчлах, гадаадад амьдарч буй өсвөр үеийнхэнд мөн өв соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Фестивальд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлогын газрын дарга Б.Урьболд тэргүүтэй төлөөлөгчид баяр хүргэн нээлтийн үг хэлж оролцов. Фестивалийн үеэр бөхийн барилдаан, шагай харваа зэрэг уралдаан тэмцээн болсоны зэрэгцээ ардын болон орчин үеийн дуу, бүжиг, хүүхдүүдэд зориулсан наадгай зэрэг төрөл төрлийн арга хэмжээ болов.