Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны хурал болов
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 24 дүгээр хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Брюссель хотноо Европын Комиссийн төв байранд болов. Тус хуралдаанд Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Л.Болд болон тус ЭСЯ-ны төлөөлөл оролцов.
Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын орлогч захирал Доминик Портер нар тэргүүлэв.
Хуралдааны үеэр талууд улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын тухай харилцан танилцуулж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг олон улсын өнөөгийн нөхцөл байдал болон хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд тэлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, “нэг бодлого – есөн ажил – гурван зарчим” арга хэжмээний хүрээнд сэргээгдэх эрчим хүч, ногоон болон дижитал шилжилтийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тус тус санал солилцов.

Мөн үеэр Монгол Улс, Европын Холбоо Хүний эрхийн асуудлаарх ээлжит найм дахь удаагийн яриа хэлэлцээ болон Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн ээлжит хуралдааны дүнг хэлэлцэв. Өнгөрсөн оны 10 дугаар сард Улаанбаатар хотод анх удаа Европын Холбоо Монгол улсын хооронд Хөрөнгө оруулалт, бизнесийн чуулган, мөн энэ оны 3 дугаар сард Монгол улс Европын Холбооны Хөрөнгө оруулалтын уулзалтыг Брюссель хотноо амжилттай зохион байгуулсан нь ач холбогдолтой болсоныг онцлон тэмдэглэв. Эдгээр арга хэмжээний үеэр Европын Хөрөнгө Оруулалтын банкнаас Монгол улсад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг байгуулж, холбогдох гэрээний төслүүдээ гардуулсан юм.