ЭЛЧИН САЙД ОУЭШ-ИЙН РОМЫН ДҮРМИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ТУСГАЙ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ
Элчин сайд Л.Болд энэ 12 дугаар сарын 5-10-нд Гааг хотноо болж буй Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 21 дүгээр чуулганы тусгай хуралдаан болох “ОУЭШ-ийн Ромын дүрмийг түгээмэл болгох нь: дүрмийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлахын чухал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.
Тусгай хуралдааныг Бельги, БНСУ, Нидерланд, Лихтенштайн, Швейцар Улс хамтран зохион байгуулсан бөгөөд ОУЭШ-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын 21 дүгээр чуулганы Ерөнхийлөгч Силвия Фернандез дө Гюрмэнди, ОУЭШ-ийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофмански нар оролцов.
Дээрх арга хэмжээ нь ОУЭШ-ийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”, “Дайн, зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэд өлсөглөнд нэрвэгдэхээс хамгаалах тухай өөрчлөлт”-ийг соёрхон батлахыг Оролцогч талуудад уриалахад чиглэгдэв.
Манай улс 2020 оны 1 дүгээр сард УИХ-ийн чуулганаар ОУЭШ-ийн Ромын дүрмийн 8 дугаар зүйлийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан бөгөөд “Дайн, зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэд өлсөглөнд нэрвэгдэхээс хамгаалах” тухай нэмэлт өөрчлөлтийг батлах чиглэлээр ажиллаж байна.