images

МОНГОЛ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 55 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-19

35

Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. 

Ойг тэмдэглэх хүрээнд Бельги Улсын Брюссель хотноо байрлах алдарт Маннекен-Пис хөшөөнд хүндэтгэл үзүүлж, монголын үндэсний хувцас дээл өмсүүлэх арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав. Арга хэмжээг нээж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам Ассельборн болон Брюссель хотын хүндэт дэд дарга Ахмед Ел Ктиби нар үг хэлэв.

Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Брюссель хотын төдийгүй Бельги Улсын бэлгэ тэмдэг болсон Маннекен-Писийг монгол дээлээр гоён хүндэтгэл үзүүлж байгаа нь нэр хүндийн хэрэг хэмээн онцлоод хэмжээний хувьд том биш ч өөрийн түүх, нэр хүндийн хувьд дэлхийн томоохон хөшөөнүүдтэй эн зэрэгцэж буйг тэмдэглэв. Хэн хүний хайрыг татсан хөшөө монгол дээлээ өмссөнөөр Монгол Улс, Бельги Улсын хоорондын найрсаг харилцаа, түншлэлийн илрэл болж байна гэв.

Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам Ассельборн хэлсэн үгэндээ хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 55 жилийн хугацаанд найрсаг, харилцан бие биеэ хүндэтгэсэн зарчмаар хөгжиж ирснийг тэмдэглээд энэхүү харилцааг цаашид хөгжүүлэхэд дипломат ажиллагааны чухлыг онцоллоо.

Монгол дээлийг Маннекен-Пист 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат агсан Бельги Улсад айлчлах үеэрээ бэлэглэсэн бөгөөд Маннекен Пис 3 дахь удаагаа монгол дээлээрээ гоёлоо.

Мөн арга хэмжээнд Брюссель хотын Соёл, түүхийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, Маннекен-Пист хүндэтгэл үзүүлэн ая дууны мэндчилгээ өргөснөөс гадна уран сайханч, Бельги Улсын иргэн Димитри Лоуэрс морин хуурын эгшгээр Маннекен-Писийг амилууллаа.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд соёл, урлагийг сурталчлах, найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.