images

Элчин сайд Л.Болд дэлхийн усны засаглалын асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт панелистаар оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-06-19

34

Брюссель хотноо 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ноос зохион байгуулсан “Дэлхийн усны засаглал ба үйл ажиллагааны хүрээ” сэдэвт өндөр түвшний дугуй ширээний уулзалт болон “Европ ба дэлхийн усны засаглалын ирээдүй” хэлэлцүүлэг болж элчин сайд Л.Болд панелистаар оролцож, усны засаглал, газрын доройтол, цөлжилт болон ган гачгийн асуудлын уялдаа холбооны талаар байр сууриа илэрхийлэв.

Элчин сайд Л.Болд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурлыг (UNCCD COP17) Монгол улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг танилцуулж, усны нөөцийн хамгаалал, тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, арга хэмжээг үндэсний хөгжлийн зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлж байгааг онцлов. Мөн ус, газар, экосистемийн нэгдсэн менежментийг дэмжих нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх болон тогтвортой хөгжлийг хангах үндсэн нөхцөл болохыг тэмдэглэв.

Арга хэмжээнд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны ерөнхий захирлын орлогч Стюарт Магиннис, IUCN-ийн Ус, намгархаг газрын дэлхийн захирал Жеймс Далтон, Европын Комиссын Байгаль орчны ерөнхий газрын төлөөлөгч Дагмар Берендт Калярикова, Армен Улсын CBD COP17-ын Тусгай элч Элчин сайд Мхер Маргарян, Германы холбооны байгаль орчны яамны олон улсын усны бодлогын зохицуулагч Себастиан Ланг, Словени улсын усны дипломат харилцааны асуудал эрхэлсэн Элчин сайд Таня Мишкова болон Рамсарын конвенцын ахлах зөвлөх Флор Лафай де Мишо зэрэг ус, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, Европын холбооны өндөр түвшний төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Усны бага хурал 2026 болон Риогийн гурван конвенцын үйл явцыг уялдуулах, дэлхийн усны засаглалыг бэхжүүлэх, усны асуудлыг олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх асуудлаар санал солилцов.