images

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав

ЭСЯ-ны мэдээ

2026-06-19

30

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Люксембург хотноо 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус ЭСЯ-наас Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консулын газартай хамтран зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааг эхлүүлсний 25 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, Люксембург Улс нь манай улсын банк, санхүү, эрүүл мэндийн салбарт тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид хөгжлийн хамтын ажиллагааг банк, санхүү, эдийн засгийн салбарт идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, энэ хүрээнд хоёр улсын Сангийн яамд хооронд энэ өдөр Санамж бичиг байгуулсан нь өмнө хэрэгжиж байсан санхүүгийн салбарын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд чухал алхам болсныг онцлов.

Тус арга хэмжээг хүндэтгэн Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн сайд Ж.Рот, Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каэн нар үг хэлэв.

Люксембургийн Сангийн сайд Ж.Ротын зүгээс Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд санхүүгийн үйлчилгээ, дижитал санхүү, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодит алхам хийж, яамд хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг онцолж, хоёр талын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулангийн зүгээс уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлээ гүнзгийрүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалт татах зорилт тавьж буй манай улсын хувьд Люксембург Улсын туршлага нь чухал ач холбогдолтойг онцолж, тус улсын Сангийн сайдын урилгаар тус улсад өргөн бүрэлдэхүүнтэй хийж буй түүний айлчлал нь үр дүнтэй болж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ф.Каэн нь сүүлийн 15 жилийн турш Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консулаар үр дүнтэй ажиллаж, энэхүү түүхэн ойн гэрч болж буйдаа туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн 2001 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн төслийн 25 жилийн түүхэн ой давхцаж буйг онцолж, Зүрх судасны үндэсний төвийг байгуулахад зориулж Люксембургийн Засгийн газраас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсныг дурдав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Люксембургийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Свен Клемент, мөн хорооны гишүүн Александра Скоос, Люксембургийн Цог Жавхлант Их Гүнгийн Тамгын газрын маршал Саша Бэйли болон тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Европын хөрөнгө оруулалтын банк, манай улсад хэрэгжүүлж буй зүрх судасны төслийн эмч нарын төлөөлөл, гадаад улсаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, мөн хувийн хэвшил болон тус улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөөлөл оролцов.

Арга хэмжээний эхэнд Монгол, Люксембургийн төрийн дууллыг эгшиглүүлж, зочдод уран бүтээлч Я.Нэмэхбаяр морин хуурын аялгуу тоглож, монголын уран бүтээлчид болох А.Батзориг, Б.Ганбаатар, Б.Содномдаржаа нарын монголын тухай уран зургийн дээжис дэлгэн сонирхуулав.