Монгол Улсын Сангийн яам болон Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн яам хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав
Монгол Улсын Сангийн яам болон Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулан, Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн сайд Жиль Рот нар Люксембург хотноо 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Элчин сайд Л.Болд, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каэн, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Монголбанк, Татварын Ерөнхий газар, Монголын банкны холбоо болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан, тогтвортой болон ногоон санхүүжилт, финтек, төлбөрийн систем, дижитал хөрөнгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бодлогын яриа хэлэлцээ, техникийн хамтын ажиллагааг эхлүүлэн туршлага солилцох, сургалт, судалгаа болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
Мөн Монгол Улсын санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг Люксембургийн их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай холбож, олон улсын санхүүгийн зах зээлийн чиглэлээр сургах, мэргэшүүлэх боломжийг дэмжинэ. Энэ нь Монголын санхүүгийн салбарын удирдах түвшинд ажиллаж буй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөрийг сэргээн идэвхжүүлэх эхний алхам болсон.
Сангийн сайд Жиль Рот хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, Санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй санхүүгийн салбарын байгууллагуудын төлөөлөл Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд тус улсын санхүү, хөрөнгийн зах зээл, тогтвортой санхүүжилт, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх байгууллагуудын удирдлагатай уулзалт хийв. Тухайлбал,
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид Люксембургийн хөрөнгийн бирж /Luxembourg Stock Exchange, LuxSE/, Люксембургийн тогтвортой санхүүжилт санаачилга (LSFI), Люксембургийн Санхүүгийн төв (Luxembourg for Finance LFF), Люксембургийн хөрөнгийн сангийн ассоциаци (Association of the Luxembourg Fund Industry ALFI), Люксембургийн банкны холбоо (Association des Banques et Banquiers, Luxembourg ABBL), Европын хөрөнгө оруулалтын банк, Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Санхүүгийн салбарын хяналтын хороо (Commission de Surveillance du Secteur Financier/CSSF) Люксембургийн Санхүүгийн Технологийн Төв (House of Financial Technology (LHoFT), Хиймэл оюуны туршилтын Төв (IA Experience Center)-ийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж, ажил хэрэгч тодорхой санал, санаачnлага дэвшүүлэн ажиллахаар тогтов. Мөн төлөөлөгчид Люксембургийн Их Сургуулльд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Люксембургийн Их Гүнт Улс нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж, санхүүгийн чиглэлээр 200 гаруй оюутныг сургаж, 1000 гаруй санхүү, банкны чиглэлийн мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагаа эхэлсний 25 жилийн ойтой тус тус давхцаж буйгаараа онцлог болов.