“Ардчиллын тулгуур: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог тогтвортой байлгах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улсын Хэвлэл мэдээллийн Зөвлөл, ХБНГУ-ын “Дойче Велле” Академи, Брюссель дэх Фридрих-Эбертийн сантай хамтран Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэ оны 12 дугаар сарын 06-ны өдөр Брюссель хотноо “Ардчиллын тулгуур: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог тогтвортой байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.
Хэлэлцүүлгээр Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулж, сэтгүүл зүйн салбарт ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг бий болгох асуудлаар оролцогч талууд хооронд дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг хэлэлцүүлэг нь Монголын үнэт зүйл - ардчиллын чухал хэсэг болсон Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааг Европын Холбоонд таниулах, туршлага судлах, салбарын холбогдох мэдээлэл солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ байв. Хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Аксель Никейз, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн захирал Г.Гүнжидмаа, Дойче Велле Академийн захирал Карстон фон Намен нар бусад төлөөллийн хамт оролцов.
Хэвлэл мэдээллийн Зөвлөл нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 онд байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн бие даасан, хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.