ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ
Нидерландын Хаант Улсын Гааг хотноо энэ оны 12 дугаар сарын 5-10-нд болж буй Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 21 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ тус шүүх нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хуулийн засаглал, хүний эрхийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд ОУЭШ-ийн Ромын дүрмийг Ази, Номхон далайн бүсийн орнуудад сурталчлан таниулах бүс нутгийн арга хэмжээг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв.
Монгол Улс, Аргентин, Бельги, Нидерланд, Сенегал, Словени Улсын хамтарсан Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн туслалцааны тухай конвенц байгуулах санаачилгын хүрээнд 2023 оны 5 дугаар сард Словени Улсын Любляна хотноо болох Дипломат бага хуралд ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч талуудыг идэвхтэй оролцохыг уриалав.