images

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдав.

ЭСЯ-ны мэдээ

2026-06-10

34

Улаанбаатар хотноо 2026 оны 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдав. Тус уулзалтад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд оролцов.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах төлөөлөгчдийн бүлгийн дарга Жүси Принчи нар хамтран даргалав.

Уулзалтын үеэр талууд олон улсын болон бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тогтвортой хөгжил, хүний эрх, ардчилал, хууль дээдлэх ёс зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улс, Европын Холбооны харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан тогтвортой хөгжиж буйг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон Европын Парламентын гишүүн Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдийн хамтаар хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэхүү зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс болон Европын ард иргэдийн нийтлэг эрх ашиг, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд хэлэлцэж буй чухал механизм болохыг тэмдэглэв.

Европын Парламентын төлөөлөгчид Монгол Улсын ардчилсан хөгжил, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн бодлого, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан гадаад харилцааг өндрөөр үнэлж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, ил тод байдал, сайн засаглал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, эрчим хүчний шилжилтийн бодлого, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, салбарын болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Европын Парламентын гишүүд Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг үр ашигтай хэрэгжүүлэх бодлого, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээ, салбарын хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлаар тодруулга авч, санал солилцов. Сүүлийн жилүүдэд Европын Холбоо, Монгол Улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ногоон шилжилт, эрчим хүчний үр ашиг, тогтвортой хөгжлийн чиглэлээр идэвхжиж буйг талууд тэмдэглэв. 

Түүнчлэн Европын Парламентын төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин болон парламент дахь Ардчилсан намын төлөөлөлтэй уулзаж, ардчиллын хөгжил, улс төрийн намын төлөвшил, парламентын институцийн чадавх, хууль тогтоох үйл ажиллагааны талаар санал, мэдээлэл солилцов. 

Европын Парламентын төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж, тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон тус дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нартай уулзав. Энэ үеэр төлөөлөгчид малчин айлд зочилж, Европын Холбооны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК -ийн үйл ажиллагаатай танилцав. Мөн өдөр төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. 

Зөвлөлдөх уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Европын Парламентын төлөөлөгчид Гандантэгчэнлин хийдтэй танилцаж, Монгол Улсын соёл, шашин, уламжлалын өвийн талаар мэдээлэл авсан болно.

Мөн төлөөлөгчид Монголын ноос, ноолуурын холбоонд зочилж, “Эвсэг кашмер” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн Европ-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай уулзалт хийж, уг арга хэмжээнд иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, экспортын чиглэл, зах зээлийн боломж, “Монгол ноолуур”-ын газар зүйн заалт, түүний ондоошил, олон улсын зах зээлд таниулах ач холбогдол, судалгаа шинжилгээний ажил, нэг цонхны дижитал системийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Талууд “Монгол” нэршлийг газар зүйн заалтын хүрээнд хамгаалах нь үндэсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд Монголын ноолуурын нэр хүндийг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой болохыг онцоллоо.

Европын Парламентын гишүүн Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчид мөн Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцав. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр Европын парламентын төлөөлөгчдөд чуулганы индэр дээрээс мэндчилгээ дэвшүүлж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, Европын Холбооны ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, тогтвортой хөгжилд суурилсан түншлэлийг улам гүнзгийрүүлэх, парламент хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.