images

Элчин сайд Л.Болд Европын Холбооноос зохион байгуулсан ашигт малтмалын салбарын олон улсын дээд хэмжээний чуулганд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2026-05-22

73

Элчин сайд Л.Болд 5 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын Холбооноос зохион байгуулсан ашигт малтмалын салбарын олон улсын дээд хэмжээний чуулганд оролцов.

Тус чуулганд Европын Холбооны байгууллагуудын төлөөлөл, бодлого боловсруулагчид, уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн компаниуд, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, түүхий эдийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцов.

Чуулганы үеэр Европын Комиссын Судалгаа, инновацын асуудал хариуцсан комиссар Екатерина Захариева, Европын Инноваци, технологийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Бернд Шефер нар үндсэн илтгэл тавьж, стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн аюулгүй байдал, Европын өрсөлдөх чадвар болон инновацын бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Элчин сайд Л.Болд чуулганы хүрээнд түүхий эдийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, инновацын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авч, салбарын төлөөлөгчидтэй санал солилцов.

European Institute of Innovation and Technology нь түүхий эдийн салбарын тогтвортой хөгжил, инновац, боловсрол, хөрөнгө оруулалт болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд Европын улс орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэрийн компаниуд болон төрийн байгууллагуудыг нэгтгэсэн хамтын ажиллагааны сүлжээг амжилттай хөгжүүлж байна.

Монгол Улсын хувьд зэс, газрын ховор элемент болон бусад стратегийн ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Европын Холбоотой олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.