images

Монгол, Люксембургийн дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан шагнал гардуулах ёслол болов

ЭСЯ-ны мэдээ

2026-04-30

58

Монгол Улс болон Люксембургийн Их Гүнт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулах ёслолын арга хэмжээг Люксембург хотноо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Ёслолын арга хэмжээг Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нээсэн бөгөөд хүндэт зочид болох Монгол Улсын  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкер нар үг хэлсэн болно.

Арга хэмжээний үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Филипп Каэн “Алтан гадас” одонгоор, Люксембургийн Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн газрын хоёр талын хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч Клод Жентген “Найрамдал” медалиар тус тус шагнууллаа.  

Монгол Улсын  төрийн дээд одон, медалийг Монгол Улсын  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүндэтгэлтэйгээр гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн бөгөөд тэрээр Монгол Улсын  Ерөнхий сайдын хувиар 25 жилийн өмнө тус улсад айлчилж байснаа дурсаж, Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэхүү түүхэн үед дахин хүрэлцэн ирж, энэхүү арга хэмжээнд оролцож буйдаа таатай байгаагаа илэрхийлэв.  

Хүндэт зочин Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкер нь манай улсад 1998, 2008, 2016 онуудад айлчилж байснаа дурсаж, Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ. Тэрээр Европын Холбооны орнуудаас Монгол Улсад Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлал хийж байсан эрхэм билээ.

Тус ёслолын арга хэмжээнд Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын захирал Жорж Тернес, тус газрын дэд захирал Рене Лауэр, тус газрын Азийн орнууд хариуцсан ажилтан Б.Ундраа болон бусад хүндэт зочид оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Люксембургийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.