images

АЛТАН ГАДАС ОДОН ГАРДУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-04-07

17

Бельгийн Хаант Улсын Брюссель хот дахь “Монголын соёлын төв” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Оюунтүлхүүрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг Элчин сайд Л.Болд 2026 оны 4-р сарын 3-ны өдөр гардуулан өгөв.

Б.Оюунтүлхүүр нь 1994 оноос Монгол соёл, уламжлалыг Европын орнуудад сурталчлан таниулах үйл ажиллагааг анхлан эхлүүлж улмаар Бельгийн Ерөнхий сайдын ивээл дор, Монгол улсын Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “Монголын нэг өдөр” сэдэвт ардын урлагийн тоглолтыг 2022, 2024 онуудад амжилттай зохион байгуулжээ. Түүнчлэн Брюссель хотноо 2025 онд зохиогдсон Дэлхийн Монголчуудын анхдугаар Наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтад идэвх зүтгэл гарган оролцсон юм.

Европын Парламентаас Б.Оюунтүлхүүгийг Бельгийн Хаант Улсад Монгол соёл уламжлалыг олон жил амжилттай таниулан сурталчлах ажил зохион байгуулсныг үнэлэн “European International Women’s Leadership Award” шагналын “Интеграцийн үлгэр жишээ эмэгтэй”-ээр 2021 онд шалгаруулан шагнаж байв.

Элчин сайд Л.Болд Монгол соёл уламжлалыг Бельгийн Хаант Улс болон Европын орнуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх цаашдын үйлст нь амжилт бүтээлийг хүсэн ерөөв.