images

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй төлөөлөгчид Люксембург хотноо байрлах Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтэй уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2026-04-02

13

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй төлөөлөгчид Люксембург хотноо байрлах Европын хөрөнгө оруулалтын банкны EIB Global-ын Ерөнхий захирал Андрю МакДауэлтэй 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр уулзав. Уулзалтад Элчин сайд Л.Болд, БОУАӨЯ, ЭСЯ болон СОР17 Ажлын албаны төлөөлөл, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консул Ф.Каэн, айлын талаас тус банкны төлөөллүүд байлцав. Мөн Европын хөрөнгө оруулалтын банкны Парис дахь оффис болон Европын комиссын төлөөлөл цахимаар оролцов.

Уулзалтаар дэд сайд Б.Мөнхтамир, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа нар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын явц, тус банктай хэрэгжүүлэхээр яригдаж буй ажлууд болон COP17-ийн хүрээнд манай улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda)-ийг танилцуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ерөнхий захирал Андрю МакДауэлийн зүгээс манай улстай хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж буй төслүүдийн асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн.