Европын Комиссын Байгаль орчин, усны тэсвэртэй байдал, өрсөлдөх чадвартай тойрог эдийн засгийн асуудал хариуцсан комиссарын ажлын албаны төлөөлөлтэй уулзав
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир тэргүүтэй төлөөлөгчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Европын Комиссын Байгаль орчин, усны тэсвэртэй байдал, өрсөлдөх чадвартай тойрог эдийн засгийн асуудал хариуцсан комиссарын ажлын албаны дэд тэргүүн Сейссенс Яан, мөн албаны гадаад гишүүдтэй уулзав.
Уулзалтаар Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил болон дэвшүүлж буй санаачлагуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda түүний дотор “Бэлчээрийн тогтвортой менежментийн санаачлага”, “Ус-Газрын нэгдсэн менежментийн санаачлага” Байгальд суурилсан шийдлүүдэд тулгуурласан тогтвортой дэд бүтцийн санаачлага” зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц, хамтын ажиллагаанд суурилсан механизм болохыг онцолж, Монгол Улсын дэвшүүлж буй санаачилгыг дэмжихийг хүсэв.
Мөн COP17 бага хурлыг зохион байгуулахад хэрхэн ЕХ, ялангуяа Европын Комиссын Байгаль орчин, усны тэсвэртэй байдал, өрсөлдөх чадвартай тойрог эдийн засгийн асуудал хариуцсан комиссарын ажлын албатэй хэрхэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа танилцуулав.