МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БРЮССЕЛЬ ХОТНОО АЖИЛЛАВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд 2026 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Брюссель хотноо амжилттай ажиллав.
Айлчлалын гол зорилго Монгол Улс, Европын Холбооны Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцоход оршив. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд, Европын Холбоонд суугаа Байнгын төлөөлөгч Л.Болд, Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн газрын дарга Б.Дөлгөөн болон Шадар сайдын албаны хүмүүс орж ажиллав.
Төлөөлөгчид Европын комиссар Жозеф Сикелатай 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилго, чиглэл, ялангуяа эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Төлөөлөгчид Европын Холбоонд зочлох үеэрээ Европын Парламент, түүний түүх, үйл ажиллагаатай танилцав.
Мөн өдөр Бельги Улсын Холбооны Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Де Рүвер төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Шадар сайд Т.Доржханд Улсын Их Хурлын дарга Н.Учралын Монгол Улсад айлчлах урилгыг уламжилсан болно. Талууд энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах бололцооны талаар санал солилцов.
Дугуй ширээний уулзалт 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөв. 2025 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс-Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форумын үргэлжлэл болсон дугуй ширээний уулзалтын зорилго эрчим хүч, уул уурхай, тээвэр, санхүүгийн салбар дахь төр, хувийн хэвшил, олон улсын болон Европын санхүүгийн байгууллага хоорондын нийтлэг сонирхлыг бий болгох, уялдааг хангах, хөрөнгө оруулах боломжтой төслүүдийн талаар санал солилцоход оршив. Дугуй ширээний уулзалтад төр, хувийн хэвшил, олон улс болон европын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид зэрэг 80 шахам төлөөлөгч оролцов. Хувийн хэвшлээс Орано майнинг, Бичура энержи зэрэг компани оролцож, өөрсдийн туршлага, хөрөнгө оруулах боломжтой төслийг танилцуулав.
Дугуй ширээний уулзалтын үеэр бизнес хоорондын мэдээлэл, санал солилцох хоёр талын уулзалтуудыг зохион байгуулсан нь бизнесүүдийг ойртуулахад ач холбогдолтой болов. Европын Хөрөнгө оруулалтын банкнаас 50 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх баримт бичгийг уулзалтын үеэр Европын Хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус банкнаас Европын Холбоонд суугаа Байнгын төлөөлөгч Кристиан Зинглерсен Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайванд гардуулав.