images

МОНГОЛ УЛС – ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-03-17

14

Монгол Улс – Европын Холбооны Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалт 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо амжилттай болж өндөрлөв. Дугуй ширээний уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нээж үг хэлэв. Мөн Европын Комиссын Олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ерөнхий захирлын орлогч Мартин Сейшел, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлионите, Европын Хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус банкнаас Европын Холбоонд суугаа Байнгын төлөөлөгч Кристиан Зинглерсен нарын албаны хүмүүс хэлэлцэж байгаа асуудлаар Европын Холбооны байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Монголын талаас Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн газрын дарга Б.Дөлгөөн, Шадар сайдын албаны төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, шинэчлэл, эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Монгол Улсын Засгийн газар Европын Холбоотой эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, европын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын чухал салбарт татахад анхаарч байна. Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эрдэс баялгийн өртгийн сүлжээг тогтворжуулахаар заасан.

2025 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс-Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форумын үргэлжлэл болсон дугуй ширээний уулзалтын зорилго эрчим хүч, уул уурхай, тээвэр, санхүүгийн салбар дахь төр, хувийн хэвшил, олон улсын болон Европын санхүүгийн байгууллага хоорондын нийтлэг сонирхлыг бий болгох, уялдааг хангах, хөрөнгө оруулах боломжтой төслүүдийн талаар санал солилцоход оршив. Дугуй ширээний уулзалтад төр, хувийн хэвшил, олон улс болон европын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид зэрэг 80 шахам төлөөлөгч оролцов. Хувийн хэвшлээс Орано майнинг, Бичура энержи зэрэг компани оролцож, өөрсдийн туршлага, хөрөнгө оруулах боломжтой төслийг танилцуулав.

Дугуй ширээний уулзалтын үеэр бизнес хоорондын мэдээлэл, санал солилцох хоёр талын уулзалтуудыг зохион байгуулсан нь бизнесүүдийг ойртуулахад ач холбогдолтой болов. Европын Хөрөнгө оруулалтын банкнаас 50 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх баримт бичгийг уулзалтын үеэр Европын Хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус банкнаас Европын Холбоонд суугаа Байнгын төлөөлөгч Кристиан Зинглерсен Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайванд гардуулав.

Дугуй ширээний уулзалтыг хааж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ энэхүү уулзалт нь Европын Холбоо, Монгол Улсын хооронд

байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэг болгоход чухал түлхэц боллоо гэж тэмдэглэв. Энэ үеэр мөн Европын комиссар Жозеф Сикела болон Бельги Улсын Холбооны Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Де Рүвер нартай уулзан харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулах боломж, эрчим хүчний салбарын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон нь ач холбогдолтой болсоныг дурдав.