images

МОДОН МОГОЙ ЖИЛИЙН ОНЦЛОХ 12 ҮЙЛ ЯВДАЛ

ЭСЯ-ны мэдээ

2026-02-16

47

  • Монгол бахархлын өдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой - “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг Брюссель хотноо 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны газрын захирал Ноён Уиллиам Ассельборн, Европын холбооны Гадаад харилцааны албаны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Хатагтай Паола Пампалони нар хүрэлцэн ирж оролцов.
     
  • Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам .Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорДэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг  Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотын Бүа Де Ла Камбе цэцэрлэгт хүрээлэнд 2025.06.28-ны өдөр ГХЯ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Бельгийн Монгол оюутан залуусын холбоотой хамтран зохион байгуулав. Монгол соёл уламжлалыг сурталчилан таниулсан тус наадамд дэлхийн 30 гаруй оронд оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл, суугаа болон бусад улсын төлөөлөл нийт 10000 гаруй хүн оролцов. Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг зохион байгуулах ажилд идэвх зүтгэлтэй оролцсон Бельгийн Хаант Улсад ажиллаж амьдарч буй есөн иргэнийг Бельгийн Монголчуудын Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алтан гадас одонгоор шагнасныг Элчин сайд Л.Болд ёслол төгөлдөр гардуулж өгөв.

 

  • Монгол Улс, Европын холбоо хоорондын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтыг Брюссель хотноо 2025 онд 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав. Энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэнд талууд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн.    

 

  • Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 23 дугаар хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай болов. Талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын зарчмуудыг хүндэтгэдэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлээ дахин нотлов.

 

  • Монгол Улс Европын Холбооноос 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татахаар тохиролцов. Монгол Улс–Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум 2025 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн арга хэмжээ болов. Форум нь хувийн хэвшлийн түншлэл, урт хугацааны худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэхэд чиглэв. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Европын Зөвлөл, Европын Хөрөнгө оруулалтын банк, Европын Холбооны 70 гаруй компани, холбоод, Монголын 200 гаруй аж ахуйн нэгж, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 700 гаруй оролцогч оролцов. Форумын үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд Монгол Улсын ногоон шилжилт, тогтвортой, сэргээгдэх эрчим хүчний салбарт 1 тэрбум евро хүртэлх санхүүжилт олгох тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

  • Монгол Улс, Бельги Улсын Ерөнхий сайд нар уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр албан уулзалт хийсэн нь хоёр орны Ерөнхий сайд нарын 2005 оноос хойшхи хугацаанд анх удаа болж байгаагаараа онцлох үйл явдал болов.

 

  • Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриден нар Давост 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой 2026 онд тохиож буйг онцолж, харилцаа,  хамтын ажиллагааг улам баяжуулах боломжтойг тэмдэглэв.

 

  • Гааг хотноо 12 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд болсон Олон Улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 24 дүгээр чуулганд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОУЭШ-ийн Ерөнхийлөгч, шүүгч Т.Акане, Ассамблейн Ерөнхийлөгч П.Каукоранта, Арбитрын байнгын шүүхэд зочилж, шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай тус тус уулзаж, Монгол Улс нь дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг тууштай баримталдаг улсын хувьд ОУЭШ-ийн үйл хэргийг дэмжиж ирснээ тэмдэглэж, дэлхий дахинд хууль ёсыг сахиулахад тус шүүх зайлшгүй чухал болохыг онцлов.

 

  • Монгол, Бельгийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Брюссель хотноо 6 сарын 24-ний өдөр болов.

 

  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн VI зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 27-нд Гааг хотноо болов. Талууд урт хугацааны хөгжлийн зорилтуудын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг сонирхсон салбаруудад өргөжүүлэх боломжийг хэлэлцэв. Мөн Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах бэлтгэл хангагдсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахаа нотлов.

 

  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Монгол дахь Бурхны шашины хөгжил" сэдвээр  Бельгийн Хаант Улсад суугаа бурханы шашинтай улс орнуудын Элчин сайд нарт лекц уншив. Түүнчлэн Тэргүүн их хамбыг Бельгийн Буддистуудын холбооны тэргүүн болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг Бурхны шашины зарим сүмийн төлөөлөлтэй хийсэн уулзалтыг зохион байгууллаа.

 

  • Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдов. ОУЭШ-ийн шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгчдээс бүрдсэн дээд шатны танхимыг даргалах анхны Монгол шүүгч болж байгаа юм.