ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР АРБИТРЫН БАЙНГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МАРЧИН СЗЕБЕЛАКТАЙ УУЛЗАВ
Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 12 дугаар сарын 5-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Гааг хотноо төвтэй Арбитрын байнгын шүүхэд зочилж, шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр манай улс “Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр”-ийн хүрээнд хувийн эрх зүйн салбарыг хөгжүүлэх, бизнес, гадаад, дотоод худалдаа болон арилжааны эрх зүйн таатай орчныг бий болгох, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгайлан тусгаж буй талаар мэлээлэв. Гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд нэмэгдэж, гадаад, дотоод худалдаа өргөжин хөгжиж байгаа энэ цаг үед талууд аливаа маргааныг гуравдагч улсын арбитрын шүүхээр, түүнчлэн хямд өртгөөр, түргэн шуурхай шийдвэрлүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үүднээс төр болон хуулийн этгээдийн хооронд үүсэх хэрэг, маргааны харьяаллыг Арбитрын байнгын шүүх байхаар тогтоолгох, олон улсын хувийн эрх зүй, тэр дундаа хөрөнгө оруулалт, худалдаа, татварын эрх зүйгээр мэргэшсэн чадварлаг хуульчдыг тасралтгүй бэлтгэх, мөн арбитрын маргааныг шийдвэрлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, хуульчид бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд илэрхийлэв.
Арбитрын байнгын шүүхийг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцын дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан. Одоогоор 126 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс 2019 онд гишүүн улс болсон.