ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН (ОУЭШ) РОМЫН ДҮРЭМД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АССАМБЛЕЙН 24 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ
Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 12 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Олон Улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 24 дүгээр чуулган болж өндөрлөлөө. Уг чуулганд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Чуулганы үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ОУЭШ-ийн Ерөнхийлөгч, шүүгч Т.Акане, Ассамблейн Ерөнхийлөгч П.Каукорантатай тус тус уулзаж, Монгол Улс нь дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг тууштай баримталдаг улсын хувьд ОУЭШ-ийн үйл хэргийг дэмжиж ирснээ тэмдэглэж, дэлхий дахинд хууль ёсыг сахиулахад тус шүүх зайлшгүй чухал болохыг онцлов.
Ромын дүрмийг соёрхон баталсан Азийн цөөн орны хувьд цаашид Ромын дүрмийг бүс нутгийн орнуудад сурталчлан таниулахад ОУЭШ-ийн үйл ажиллагааг дэмжихээ Тэрээр уулзалтын үеэр илэрхийлэв.
Монгол Улсын шүүгч ОУЭШ-д сонгогдон ажиллаж байгаа нь манай улсын хувьд түүхэн ач холбогдолтойгоос гадна олон улсын хамтын нйигэмлэгийн зүгээс манай улсад хүлээлгэж буй өндөр хариуцлага, итгэл найдвар болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тэмдэглэв.
ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч талуудын Ассамблейн чуулганд Монголоос анх удаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд оролцож байгаа нь онцлог юм. Ялангуяа олон улсын нөхцөл байдлаас ОУЭШ-ийн хараат бус байдалд хүндрэл учирч буй энэ үед сайдын түвшинд оролцож байгаа нь Монгол Улс ОУЭШ-ийн мандат, Ромын үндсэн зарчим, олон улсын шударга ёс, дүрэмд суурилсан дэг журмыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл болж буйг Шүүхийн Ерөнхийлөгч болон Ассамблейн Ерөнхийлөгч нар онцлов.
ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 125 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсон.