Химийн зэвсгийг хориглох конвенцид Оролцогч талуудын Бага хурлын 30 дугаар чуулган нээлтээ хийлээ.
Химийн зэвсгийг хориглох конвенци /ХЗХК/-д Оролцогч талуудын Бага хурлын 30 дугаар чуулган (CSP-30) Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.
ХЗХБ-ын гишүүн орнууд Химийн зэвсгийн тухай конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын замыг тодорхойлох зорилгоор жил бүр хуралддаг бөгөөд энэ удаагийн бага хурлын чуулганаар ХЗХК-ийн хэрэгжилт, Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагааны үнэлгээ, Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитийн дүн, ХЗХБ-ын 2026 оны төсвийн тодотгол, Химийн салбарын үйл ажиллагааг энхийн зорилгоор ашиглахад олон улсын хамтын ажиллагааг дэмжих, ХЗХБ-ын Африкийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Химийн зэвсгийн тухай конвенцид Оролцогч талуудын Бага хурлын 30 дугаар чуулган 11 дүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсаас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Элчин зөвлөх О.Оч, Цэргийн атташе хурандаа Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна