Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Максим Превотой уулзав
Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Максим Превотой 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Намур хотод уулзаж, Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бенилюксийн Улсууд хоорондын хэлэлцээрийг байгуулахад ач холбогдол өгч, урагшлуулахыг хүсэв. Нидерланд, Люксембург Улс хэлэлцээрийг тус тус батлаад байна.
Намур хотыг 2030 онд Европын соёлын нийслэл болгохоор дэвшүүлэхтэй холбоотойгоор шат дараатай арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр болов. Ийнхүү сонгогдсоноор тухайн хот нэг жилийн турш өөрийн соёл, өвийг сурталчлах ихээхэн боломжийг бүрдүүлнэ. Энэ нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, соёлын салбарын хамтын ажиллагааг дэмжих зэрэг ач холбогдолтой.