АРДЧИЛАЛ, СОНГУУЛИЙН ТУСЛАЛЦААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН /АСТОУХ/-ИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ
Брюссель хотноо 2025 оны 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон “Democracy for All: Inclusive Democracy as a Pathway to Security and Development” сэдэвт бага хуралд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Мөнхтөр, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар оролцлоо.
Бага хурлын “High-Level Opening Session of the 2025 International Democracy Day Brussels Conference” сэдэвт нээлтийн хэлэлцүүлэгт Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Мөнхтөр илтгэгчээр оролцож, Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг улам бэхжүүлэхийн төлөө байгааг онцолж, Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан хуульчилсан Ази тивийн анхдагч улс болохын хувьд бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг манлайлан ажиллахыг зорьж буйг тэмдэглэв. Мөн байгалийн баялаг болон уул уурхайн салбарын орлогын тэгш хуваарилалтыг хангах замаар ардчиллын үнэт зүйлсийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч буйг дурдав.
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Мөнхтөр хурлын үеэр Швед улсад төвтэй тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас Заморатай товч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Мөн Европын холбооны хүний эрхийн асуудлаарх тусгай төлөөлөгч Кайса Оллонгрен, Улс төрийн сангуудын Европын сүлжээ байгууллагын Гүйцэтгэх захирал Гари Клаукка, Ардчиллын төлөөх Европын түншлэл байгууллагын Ерөнхий захирал Кен Годфри нартай уулзаж, тус чухал арга хэмжээнд Монгол Улсыг илтгэгчээр оролцохыг урьсанд талархал илэрхийлсэн болно.
Энэхүү арга хэмжээ нь АСТОУХ буюу International institute for Democracy and Electoral Assistance /International IDEA)-ийн 30 жилийн ойн хүрээнд болсон. Монгол Улс 2011 онд тус байгууллагын гишүүн болсноор ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан тус байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирсэн.