Элчин сайд Л.Болд Европын Комиссын Эрчим хүчний Комиссар Кадри Симсоны Ажлын албаны дарга Стефан Грасситай уулзав
Элчин сайд Л.Болд Европын Комиссын Эрчим хүчний Комиссар Кадри Симсоны Ажлын албаны дарга Стефан Грасситай энэ сарын 25-ны өдөр уулзаж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Элчин сайд цар тахлын дараах эдийн засгийг сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” стратегийн шинэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Европын Холбоотой хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Ноён Стефан Грасси Европын Холбоо Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгдөгийг тэмдэглэж, сэргээгдэх эрчим хүчрүү шилжих нь хүрээлэн буй орчинд ээлтэй чухал хөрөнгө оруулалт гээд Монгол Улс, Европын Холбоо хооронд хамтарсан ажлын хэсэг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтойг мэдээлэв.