images

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдлаа

ЭСЯ-ны мэдээ

2025-07-02

33

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотын төвд орших үзэсгэлэнт Бүа Де Ла Камбе цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд дэлхийн 30 гаруй улс орнуудад оршин суугаа монголчуудын төлөөлөл болсон 5000 орчим хүн, мөн тухайн орон нутгийн болон гадаад улсын төлөөлөл 10000 гаруй хүн ирж оролцлоо.

Монгол улсын ГХЯ, Европын улсуудад суугаа ДТГ-ууд, Хилийн чанадад Монгол иргэдийн үүсгэл, санаачилгаар байгуулагдсан ТББ-ууд, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сурын холбоо, Монгол үндэсний шагайн холбоо, урлаг соёлын төлөөлөл Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмаа дэмжин оролцов.

Мөн түүнчлэн Брюссельд суугаа гадаад улсын элчин сайд нар, Европын холбооны болон олон улсын бусад байгууллагуудын удирдлагын төлөөлөл оролцов. Европын орнуудад зохион байгуулагдаж байсан Монгол наадмуудаас одоогоор хамгийн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан эл наадамд 128 бөх, 60 сур харваач, 250 шагайн харваачид оролцож хүч самбаа, цэц мэргэнээ сорилоо. Энэ үеэр Монгол хоолны өргөн сонголт бүхий үйлчилгээ, Монголыг жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын гар урлал, урлагийн бүтээлийн худалдаа, консулын болон нийгмийн даатгалын үйлчилгээ, Төрийн байгууллагуудын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ зэрэгцэн явагдаж олон зуун иргэдийг хамруулав.

Монгол соёл уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой энэ наадам түүхэн томоохон үйл явдал болж өнгөрлөө.

Наадамд Европын орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн үүсгэл санаачилгын олон тооны хамтлаг уран бүтээлчдээс гадна олонд алдаршсан дуучин Хишигдалай, дуучин Наки нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөв. Мөн наадмын шоу цэнгүүнийг өвөрмөгц аялгуугаараа дэлхийд нэрээ гаргаж буй Уухай хамтлаг чимж, бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав.

Тус наадмыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Дэлхийн Монголчуудын наадмыг зохион байгуулах комисс, тус комиссын гишүүн байгууллагууд болох Бельгийн Монгол оюутан залуусын холбоо (БеМоз), “Сэр-Очир” ТББ, Бельгийн Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл болон бусад иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын үүрэг хүлээж ажилласан иргэддээ Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс албан ёсоор гүн талархал илэрхийлж байна.