Элчин сайд Л.Болд Бельгийн Брюссель хотод болсон "Валлони мужийг танилцуулах нь" сэдэвт уулзалтанд оролцов
Элчин сайд Л.Болд 2025 оны 6-р сарын 13-ны өдөр Бельгийн Брюссель хотод болсон "Валлони мужийг танилцуулах нь" сэдэвт уулзалтанд оролцож Монгол улстай хамтран ажиллах боломжийн талаар үг хэлэв.
Уг арга хэмжээ нь AWEX (Валлони Экспорт ба Хөрөнгө Оруулалтын Агентлаг), WBI болон Брюсселийн Олон Улсын Байгууллагуудаас зохион байгуулагдсан бөгөөд Валлони мужийн эдийн засаг, технологийн хөгжлийн талаар танилцуулахад чиглэгдсэн юм.
Энэ үеэр UCLouvain их сургуулийн Политехникийн сургуулийн профессор Бенуа Мак "MedReSyst" хөтөлбөрийг танилцуулж, эрүүл мэндийн салбарт хийж буй дэвшилтэт судалгаа, шинэ технологиудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нарийвчлалтай, хувь хүнд тохирсон эмчилгээ боловсруулах, эм үйлдвэрлэлийн инновац шийдлүүдийн талаар онцлон ярив. Тус хөтөлбөр нь хувь хүний оношлогоо, эмчилгээний үр дүнг дээшлүүлэх зорилготой бөгөөд эрүүл мэндийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны чухал платформ болж байгааг тэмдэглэв.
Элчин сайд Л.Болд дэлхий дахинд түгээж буй нийт вакцины 40 хувийг дангаараа үйлдвэрлэдэг Валлони мужийн дэвшилтэт эрүүл мэндийн технологи, эм үйлдвэрлэлийн чиглэлээр гаргаж буй шийдлүүдтэй танилцаж, хоёр талын хамтын ажиллагааны боломжуудыг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.