images

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбогдуулан ЭСЯ-наас ёслолын арга хэмжээ зохион байгуулав.

ЭСЯ-ны мэдээ

2025-05-14

12

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбогдуулан ЭСЯ-наас ёслолын арга хэмжээг Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Тус арга хэмжээнд ОУЭШ-ийн Ерөнхийлөгч Томоко Аканэ болон танхимын шүүгчид, ОУЭШ-ийн гишүүн орнуудын элчин сайд нар болон Гааг хотноо төвтэй хууль, эрх зүйн чиглэлийн олон улсын байгууллага, институтын удирдлагууд оролцлоо.

Элчин сайд Л.Болд хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь ОУЭШ-ийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал болж байна. Шүүгч Эрдэнэбалсүрэн нь шүүгчээс эхлээд прокурор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэшсэн хүн юм гэж онцлов.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр 2025-2026 онд ажиллах юм.

Арга хэмжээний үеэр ардын урлаг, хөөмийн үзүүлбэр үзүүлэв.