images

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-22

37

Монгол Улс, Европын Холбооны Худалдаа, хөрөнгөоруулалтын дэд хорооны ээлжит хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр цахимаар зохион байгуулагдав. 

Дэд хорооны хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан, ЕХ-ны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан Ерөнхий газрын Дорно дахины бүс нутгийг хариуцсан албаны дэд дарга Марко Чирулло нар даргалав. 

Хуралдаанаар талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүч, чухал түүхий эд, материалын талаар харилцан мэдээлэл солилцов. Мөн ЕХ-ноос хөрөнгө оруулалттай холбоотой шинэ санаачилга болох Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрийн талаар танилцуулж, “Дэлхийд гарах гарц” стратегийн явцын талаар мэдээлэл өгөв. 

Монголын талаас хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид ЕХ-той хөдөө аж ахуй, эрчим хүч, чухал түүхий эд, материалын салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, талууд Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-ийн ашиглалтыг нэмэгдүүлэх, Газарзүйн заалтын тухай хэлэлцээрийн явцыг урагшлуулахаар тохирлоо. 

Хуралдааны төгсгөлд Монгол-ЕХ хоорондын анхдугаар Бизнес форумыг энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров. Тус хуралд Монгол улсаас Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Л.Болд болон ЭСЯ-ны төлөөлөл цахимаар оролцож, хурлын үйл ажиллагааг дүгнэж, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлэв.

Монгол улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл Хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хоёр талын хооронд ажиллаж буй байнгын механизм болсон Парламент хоорондын 17-р зөвлөлдөх уулзалт, Хамтарсан Хорооны 23-р хурал, Хүний эрхийн яриа хэлэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны ээлжит хуралдаан  нь ийнхүү амжилттай болж өндөрлөв.