images

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 23 дугаар хуралдаан болов.

ЭСЯ-ны мэдээ

2025-04-07

66

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 23 дугаар хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын орлогч захирал Паола Пампалони нар тэргүүлэв. 

Хуралдааны үеэр талууд улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын тухай харилцан танилцуулж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд тэлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилтийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын Холбооны Худалдааны хөнгөлөлтийн системийг үр дүнтэй ашиглах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцав. 

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хувь нэмрээ оруулах, чингэхдээ “Ойн түншлэлийн тухай” санамж бичгийг хэрэгжүүлэх замын зураглалд тусгагдсан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаас ач холбогдол өгч ажиллах талаар санал солилцов. 

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хүний эрхийн асуудлаарх ээлжит долоо дахь удаагийн яриа хэлэлцээ болон Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн ээлжит хуралдааны дүнг хэлэлцэв.

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 24 дүгээр хуралдааныг 2026 онд Брюссель хотноо зохион байгуулахаар тогтов.

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 23 дугаар хуралдааны дүнгээр хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав.